Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-27 04:58:03
Цаг агаарын нөхцөл:
Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 16.7...20.6 градус дулаан байлаа. Агаарын температурын дунджийг ОЖД-тай харьцуулахад 06 дугаар сард Дархан суманд дунджаас 1.5 граусаар дулаан, Шарын гол суманд 1.5 граусаар сэрүүн, бусад нутгаар дунджийн орчим, 07-р сард Шарын гол суманд дунджаас 1.6 градусаар сэрүүн, бусад нутгаар дунджийн орчим, 08 дугаар сард Дархан суманд дунджаас 1.8 граусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа.
Зураг 1. Зуны улирлын агаар, хөрсний температурын явц
Агаарын үнэмлэхүй их температур 33.8...36.8 градус дулаан ажиглагдсан бол ОЖД-тай харьцуулахад нийт нутгаар 2-6 градусаар дулаан байв. Энэ зун агаарт 30 градусыг давж халсан өдөр 10-28 удаа тохиолдсон, олон жилийн дунджаар 06 дугаар сард 1-2 өдрөөр олон, бусад саруудад 1-3 өдрөөр цөөн ажиглагдсан.
Аймгийн нийт нутгаар хөрсний гадаргын температурын дундаж 22.8...27.0 градус дулаан буюу ОЖД-тай харьцуулахад Дархан суманд дунджаас 2-5 градусаар дулаан, бусад нутгаар 1-4 градусаар сэрүүн байлаа.
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур нийт нутгаар 56.6...65.2 градус хүрч халсан, олон жилийн дундажтай харьцуулахад 15-21 градусаар халсан. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж халсан өдөр Дархан суманд 20-25, бусад сумдад 19-23 өдөр ажиглагдсан бол дунджаас Дархан суманд 18 өдрөөр олон, бусад нутгаар 5-8 хоногооор цөөн халсан байна.
Хур тунадас: Зуны улиралд нийт нутгаар 53-64 өдөр хур тунадас орсон, 06 дугаар сард Хонгор суманд 73.6 мм, бусад нутгаар 55.3-66.1 мм, 07 дугаар сард Орхон суманд 164.4 мм, бусад нутгаар 116.6-122.3 мм, 08 дугаар сард Шарын гол суманд 173.3 мм, бусад нутгаар 65.3-98.5 мм тунадас унажээ.
Зураг 2. Зуны улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
Нийт нутгийн тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулахад 06 дугаар сард Хонгор, Орхон сумдад дунджаас их, бусад сумдад дунджийн орчим, 07 дугаар сард нийт сумдаар дунджаас их, 08 дугаар сард Дархан суманд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас их тунадас орсон байна. Энэ зуны хамгийн их тунадас 07 дугаар сард Орхон суманд 164.4 мм, 08 дугаар сард Шарын гол суманд 173.3 мм унажээ.
Аймгийн нийт нутгаар бороо 32-33 удаа, аадар бороо 22-31 удаа орсон, аадар бороо орох давтамж ихссэн тул олон жилийн дунджаас Орхон суманд 6-9 өдрөөр, бусад нутгаар 2-5 өдрөөр тус тус олон тохиолдсон байна. / Хүснэгт 2/
Хүснэгт 1. 2023 оны зуны улиралд орсон бороотой өдрийн тоо
Салхи: Зуны улиралд нийт нутгаар салхины дундаж хурд секундэд 1.7-2.7 м/с, үнэмлэхүй их хурд Шарын гол суманд 29 м/с, бусад нутгаар 17-23 м/с, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 06 дугаар сард нийт сумдаар 8-24 өдөр, 07 дугаар сард 8-12 өдөр, 08 дугаар сард 6-8 өдөр ажиглагдсан.
Зуншлагын байдал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутгаар 06 дугаар сард орсон хур тунадасны нөлөөгөөр хөрсний чийг нэмэгдэж бэлчээрийн ургамлын ургалт, газрын гарц нэмэгдэж зуншлагын байдал сайжирсан. Ургамлын дундаж өндөр 06 дугаар сард 8-10 см, 07 дугаар сард 15-19 см, 08 дугаар сард 22-25 см хүрсэн.
Ургамлын дундаж өндрийг ОЖД-тай харьцуулахад 06, 07 дугаар саруудад дунджийн орчим, 08 дугаар сард 5-10 см-ээр өндөр ургасан, бэлчээрийн ургамлын ургац 06 дугаар сард 2-3 ц/га, 07 дугаар сард 5-8 ц/га, 08 дугаар сард 8-11 ц/га буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1-2 дахин ахиу ургац бүрдсэн.
Хортон шавж: Дархан-Уул аймгийн сумдаар бэлчээрийн ургамлын хортон, царцааны авгалдай 05 дугаар сарын 2-р 10 хоногоос гарч, 07 дугаар сарын III-10 хоногт бие гүйцсэн. Төрөл зүйлийн хувьд тоонолжит, сибирийн, барабений таршаа, азийн судалт, нүүдлийн, цайвар судалт зэрэг царцаа ажиглагдсан, бэлчээрт 1м2 талбайд дунджаар 2-4 ш царцаа тоологдож, царцааны болон хөнөөлт хортон шавжийн хэт олшролт ажиглагдаагүй.
Хортон мэрэгчид: Аймгийн нийт нутгаар мэрэгчдийн голомт бүхий газруудад судалгааг хийхэд 8-р сарын 20-ны байдлаар бөглөсөн нүхний тоо Хонгор, Орхон суманд 4-8, бусад нутгаар 12-13 нүх тоологдсон, онгойсон нүх Хонгор суманд 3, бусад нутгаар онгойсон нүх тоологдоогүй байна. Мэрэгчдийн хор хөнөөлийг тооцох ажиглалтаар мэрэгчдийн нүх үлий бүхий газарт 9-15 ц/га, нүх үлийгүй бэлчээрт 9-19 ц/га ургацтай байв. Хур тунадас ахиу орсон тул ургац өмнөх оноос 1-2 дахин их бүрдсэн.
Бэлчээрийн төлөв байдал: Дархан-Уул аймгийн нийт нутгаар бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгааг 08 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд бэлчээрийг төлөөлөх зогсоол цэгүүд дээр хийсэн.
Зураг 3. Зогсоол цэгүүдийн бэлчээрийн ургамлын ургац, ц/га
Бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар Дархан сумын зүүн өмнө болон урд хэсгээр 19.6 ц/га, Хонгор сумын зүүн өмнө, Шарын гол сумын хойд хэсгээр 4.1-6.2 ц/га, Хонгор сумын бусад хэсгээр 15.3-23.0 ц/га, Орхон сумын хойд хэсгээр 11.4 ц/га, баруун өмнө хэсгээр 25.3 ц/га, Шарын гол сумын ихэнх нутгаар 8.4-10.8 ц/га ургац тодорхойлогдсон.
Зуны улирлын онцлог:
-
Агаарт 30 градусыг давж халсан өдөр нийт нутгаар 10-28 удаа тохиолдсон, олон жилийн дунджаар нийт нутгаар 06 дугаар сард 1-2 өдрөөр олон, бусад саруудад 1-3 өдрөөр цөөн ажиглагдсан.
-
07 дугаар сард хамгийн их хур тунадас Орхон суманд 164.4 мм, 08 дугаар сард Шарын гол суманд 173.3 мм тус тус унажээ.
-
Нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургац 08 дугаар сард 8-11 ц/га буюу ОЖД-аас 1-2 дахин ахиу ургац бүрдсэн байна.
Товчилсон үгийн тайлбар: ОЖД - олон жилийн дундаж
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Л.ГҮНЖИДМАА